[go: up one dir, main page]

Jump to content

Sony

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Sony"-гийн Төв байр

Sony Group Corporation, «Сони» (япон. ソニー・グループ株式会社 Сони Гүрүүпү кабүшики-гайша) — Японы үндэстэн дамнасан, Токио хотод төвтэй конгломерат. Sony компанийн группт: хэрэглээний болон мэргэжлийн цахим, хөгжим, энтертайнмент үйлдвэрлэдэг Sony корпораци Sony Music Entertainment (Columbia Records) болон Sony Music Entertainment Japan (Aniplex), кино компани Sony Pictures (Columbia Pictures, Sony Pictures Television, Crunchyroll), видео тоглоом, зугаа цэнгэлийн компани Sony Interactive Entertainment (PlayStation Studios, PlayStation Productions болон Bungie) нар багтдаг байна.

Sony корпорацийг 1946 оны 5-р сарын 7-нд Морита Акио, Ибүка Масарү нар үүсгэн байгуулжээ. Эхэндээ Токио Цүүшин Коогёо Кабүшики-Гайша (Токиогийн цахилгаан холбоо, аж үйлдвэрийн компани) эсвэл Тооцүүкоо буюу ТТК гэж нэрлэдэг байсан. Энэ нэр нь Морита Акиогийн олж мэдсэнээр америкчуудад дуудаж хэлэхэд хэцүү байдаг байжээ. Одоогийн "Sony" нэр нь латин хэлний хослол үгнээс гаралтай. Sonus (“дуу авиа”) болон англи хэл. нарлаг хөвгүүд ("sunny guys"; англи хувилбарт sonny-boys японоор "залуу суутнууд" гэсэн утгыг олж авсан). Үүнээс гадна Морита дэлхийн аль ч хэлэнд байдаггүй үгийг олохыг хичээсэн байна. Япон хэлэнд "сон-ни" гэсэн авиа нь амжилтгүй бизнес гэсэн үгтэй төстэй (шууд утгаараа: "мөнгө алдах") тул нэг "n" үсгийн арилгахаар шийдэж "Sony" болсон түүхтэй ажээ.

Морита Акио компанийг удаан хугацаанд удирдаж, маркетинг, борлуулалтыг хариуцаж, зах зээлд асар их амжилтад хүргэж чадсан. Sony сайн, сэтгэл булаам дизайн, инновац дээр нэрээ гаргаж чадсан юм. Тус компани бүтээгдэхүүнийхээ овор хэмжээг багасгахад онцгой анхаарал хандуулсан байна.

1950 онд тухайн үед "TTK" гэж нэрлэгддэг байсан тус компани Японы анхны дуу хураагуур үйлдвэрлэж эхэлжээ. Оога Норио дуу хураагуурын дууны чанарыг сайжруулахаар ажиллаж эхэлсэн байна. 1950-иад оны эхээр тус компани Western Electric компаниас транзистор үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 25,000 ам.доллараар худалдан авч, 1955 онд анхны радио болох "TR-63"-аа гаргасан нь компанийн амжилтын эхлэл болсон юм. Хүлээн авагч нь хэдийгээр халаасны жижиг хүлээн авагч гэж нэрлэгддэг байсан бөгөөд үнэхээр жижиг байсан ч энгийн эрэгтэй цамцны халаасанд багтахгүй байсан байна.

1958 онд компани нь "Sony Corporation" гэсэн нэртэй болж, хувьцаагаа Токиогийн хөрөнгийн биржид, 1970 оноос Нью-Йоркийн хөрөнгийн биржид гаргаж эхэлсэн ажээ.

1960 онд Sony анхны транзистор телевизороо дэлгэн танилцуулсан. 1960 онд Морита Акио Америкийн Sony корпорацийг үүсгэн байгуулжээ. 1962 онд Sony Chemicals-ийн охин компанийг гуравдагч этгээдийн үйлдвэрлэгчдээс хараат байдлыг багасгах зорилгоор хуванцар эд анги үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ.

1971 онд телевизийн компаниудад зориулсан "U-matic" мэргэжлийн видео дүрс бичигч, 1975 онд "Betamax" хэрэглэгчийн видео бичигч үйлдвэрлэж эхэлсэн. 1979 онд "Walkman" зөөврийн дуу авиа бюу аудио тоглуулагчийн анхны загвар гарч иржээ.

1983 онд Sony, Philips компанитай хамтран зах зээл дээр анхны компакт дискийг гаргажээ. 1984 онд цахим эд анги, түүний дотор бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд зориулсан салбар байгуулагдсан. 1985 онд 8 мм-ийн видео кассет дээр зөөврийн видео камер үйлдвэрлэж эхэлсэн байна.

1989 онд Columbia Pictures Entertainment, Inc-ийг худалдаж авсан бөгөөд 1991 оноос хойш "Sony Pictures Entertainment Inc" нэртэй болсон юм.

1993 онд Sony Computer Entertainment Inc-ийн охин компани байгуулагдаж, 2016 оны 4-р сард "Sony Interactive Entertainment Inc" нэртэй болсон.

1994 оны сүүлээр тус корпораци "PlayStation" тоглоомын консолыг Японы зах зээлд нэвтрүүлж, дараа жил нь Америкийн зах зээлд гарч ирэв. 1997 онд Sony VAIO брэндийн дор DVD тоглуулагч, компьютер, зөөврийн компьютер үйлдвэрлэж эхэлсэн. 2000 онд "PlayStation-2" тоглоомын консол гарч ирэв.

2001 онд Sony корпораци Шведийн "Ericsson" компанитай хамтран гар утас үйлдвэрлэжээ. 2002 онд "Sony Ericsson" гар утасны анхны хувилбар гарсан байна.

2021 оны 2-р сарын 3-нд Sony 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа нийтэлжээ. Нийтдээ 2020 оны дөрөвдүгээр улирлын орлого 9.5%-иар өсөж 25.7 тэрбум доллар болж, үйл ажиллагааны ашиг нь 62%-иар өсөж 3.5 тэрбум долларт хүрчээ: PlayStation-5, тоглоомын борлуулалт өндөр, PlayStation-ын ачаар компанийн тоглоомын хэлтэс хамгийн сайн ажилласан байна. Нэмж дурдахад орлого 2019 оны мөн үетэй харьцуулахад 40% -иар өсч, 8.4 тэрбум долларт хүрч үйл ажиллагааны ашиг нь 50% -иар өсөж 763.3 сая долларт хүрсэн байна.

2021 оны 4-р сарын 1-нд Sony компани "Sony Corporation" нэрээ "Sony Group Corporation" болгож өөрчилснөө зарлав. Нэр солих нь 60 гаруй жилийн хугацаанд анх удаа тохиож байгаа юм.

2022 оны 1-р сарын 31-нд Sony Америкийн компьютер тоглоомын хөгжүүлэлтийн "Bungie" студийг худалдаж авснаа зарлав. Гүйлгээний дүн 3.6 тэрбум доллар болсон ажээ.

"Forbes Global 2000" сэтгүүлээс гаргасан 2019 оны дэлхийн хамгийн том нээлттэй компаниудын жагсаалтад Sony 73-р байр, үүний дотор эргэлтээр 96-д, цэвэр орлогоороо 86-д, хөрөнгөөр 176-д, зах зээлийн үнэлгээгээр 183-т жагсчээ. Тус компани хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтын 60-р байрыг эзэлжээ.

Хувьцаа эзэмшигчид

[засварлах | кодоор засварлах]

"Sony Corporation"-ны 2016 оны хамгийн том хувьцаа эзэмшигчид нь:

  • Capital Research and Management Company — 6,85 %
  • Sumitomo Mitsui Trust Bank, Limited — 5,04 %
  • BlackRock Japan Co., Ltd. — 5,01 %
  • PRIMECAP Management Company — 3,66 %.